Баабар

Баабар “Төгрөгийг хатуу валюттай уяъя” гэсэн нийтлэл 2003 онд бичсэнийгээ блогтоо дахин нийтэлжээ. Ингэхдээ “өнөөдөр ач холбогдолтой санагдаад” гэж тайлбарласан байх юм. Ерөнхий санаа нь өөрсдөө инфляциа удирдаж чадахгүй юм чинь гадны нэг буюу хэдэн валютаас бүрдсэн багцтай төгрөгийн ханшаа уячихаад толгойгоо өвтгөхгүй зүгээр зохицуулалт хийгээд сууж байсан нь дээр гэсэн аж. Мөн төгрөгийг ганц ам. долларын ханштай хэдэн жил уяж ирсэн нь инфляцийг хөөрөгдөхөд хүргэлээ гэжээ.

Би Баабарыг хүндэлдэг, нийтлэлийг нь алгасахгүй уншдаг. Гэхдээ энэ удаа санал нийлэхгүй зүйл олон гарав. 1-рт, төгрөг ам. долларын ханштай хэзээ ч уягдаагүй. Сүүлийн нилээн хэдэн жил (10 гаран?) Монгол чөлөөтэй хөвөх ханшны системтэй байгаа (чөлөөтэй биш, managed гэж нэрлэдэг ч байж магадгүй, гэхдээ чөлөөтэйгээс ялгарах юм байхгүй). Монголын валютын бодлогыг зохицуулах үүрэг Монголбанкинд харъяалагддаг. Энэ жил Дэлхийн банкнаас “олон жил валютын зах зээлд хөндлөнгөөс оролцолгүй жамаар нь явуулсан” гэж Монголбанкийг үнэлсэн гэнэ лээ. Монголбанк мундагтаа ингэж үнэлэгдсэн үү гэвэл өөр асуудал тул энэ талаар өөр бичлэгт ярилцъя. Харин чөлөөтэй хөвөх ханшийг мөрдсөний дүнд ам. долларын ханш удаан хугацааны өсөлтийн дараа сүүлийн хэдэн жилд тогтворжсон. Үүнийг Баабар ам. доллартай уячихаж гэж ойлгосон бололтой.

2-рт, төгрөгийг гадаад валютын ханштай уяна гэдэг чинь “та нар нэг төгрөгийг тэдэн евро, тэдэн фунтээр сольж байгаарай” гэж хэлчээд зүгээр сууж байна гэсэн үг биш. Зах зээл дэх ханш нь хөдлөх боломжтой хэвээр байх бөгөөд хөдлөх болгонд нь тохируулж байх ёстой юм. Мөнгөний зах зээл, валютын зах зээл гэж хоёр тусдаа юм байх бөгөөд валютаа тогтмол барьж эхэлсэн бол мөнгөний бодлогоо түүнд тохируулах хэрэгтэй болно. Хэдийгээр валютын ханшийг уяснаар инфляцийг хязгаарлах боломжтой ч мөнгөний бодлогыг макро тогтворжилт гэх мэт бусад зорилгод ашиглах боломжгүй болно.

3-рт, валютаа гадны валюттай уяхын тулд түүнээс гарч болзошгүй асуудлыг шийдэх орчинг бүрдүүлсэн байх ёстой. Үүнд гадаад валютын нөөц хангалттай байх, санхүүгийн чадварлаг дэд бүтэцтэй байх зэрэг нь наад захын асуудал. Валютын ханшийг уясан үед төв банк зах зээлийн хэлбэлзлийг зохицуулах хангалттай нөөцгүй бол капитал дайжилт зэрэг үзэгдэл гарах аюултай. Монголбанкны 1 тэрбум доллар тэр ачааг даах үгүй нь эргэлзээтэй, энийг сайтар судлах шаардлагатай болохоос зүгээр амаараа хэлчих боломжгүй.  За тэгээд санхүүгийн системийн хөгжил сул байгаа манайд бол ханш уяна гэж үлгэр болно. Баабарын жишээ авсан Эстони нь Европын холбооны гишүүн улс болохоороо еврогийн бүсэд нэгдэх бэлтгэлээ хийгээд валютаа евротой уячихаад сууж байгаа байх.

Баабар дээрх нийтлэлийг дахин нийтэлсэн нь үнэндээ ямар нэг ач холбогдолгүй юм. Баабар ямар нэг асуудал байгааг олж хараад хэлэх гэсэн бол тэрийгээ буруу илэрхийлж гэж санагдав.

Гэхдээ би Баабар бол хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэлч гэж боддог. Нийтлэлүүд нь мэдээлэл ихтэйгээс гадна харж байгаа өнцөг нь өвөрмөц. 2000 онд сонгуульд нэр дэвшиж байхад нь хүмүүс “энэ биологич нөхөр УИХ-ын гишүүн, сангийн сайд энэ тэр гэж дэмий юмаар оролдож байхаар нийтлэлчээ хийгээд явбал нийгэмд ч, өөрт нь ч тустай” гээд сонгоогүй гэж боддог юм. Тэр нь ч дээр болж түүнээс хойш Баабар өөрийн нийтлэлүүд, орчуулж гаргасан номнууд, англи толь бичиг, Britannica нэвтэрхий толь, “Бодь мөрийн зэрэг” гээд нийгэмд тустай зүйл олныг хийж явна. Хүмүүсийн ярьдаг шиг тэр 2000 онд лааз өшиглөж ирээдүйгээ зөгнөөгүй юм. Харин ч суудлаа олсон байх. Энэ жил сонгуулийн өмнө Баабар ТВ-д ярилцлага өгч байхдаа “Сонгуульд яагаад нэрээ дэвшүүлсэнгүй вэ?” гэсэн асуултад “1-рт хийх ажил их байна, 2-рт их үнэтэй сонгууль болж байна. Дор хаяж 400 саяыг зарцуулж гишүүн болсон хүмүүс чинь дараа нь тэрийгээ олж авах хэрэгтэй болноо доо” гээд ёжтой инээж байсан.

Сүүлд сонссоноор Баабар монгол-монгол толь бүтээхээр ажиллаж байгаа гэсэн. Нийтлэлүүдээс нь ч үгийн гарал үүслийг судалсан байдал ажиглагдаад байгаа. Энэ толь гарах юм бол нийгэмд их л тустай үйлс болно доо.

Холбогдох бичлэгүүд

1 Сэтгэгдэл: Баабар

  • Болор

    Баабар заримдаа алдаад байдаг. НӨТийн тухай таг буруу ойлголттой нэг нийтлэл их итгэлтэй нийтэлж байсан. Гэхдээ алдахаас айгаад нягтлаад байдаггүй нь олныг нийтэлж чадаж байгаа шалтгаан нь байж ч мэднэ. Ганцаараа олон жил бичиж байна. Ганцаардаагүй ч ганцдаж байгаа санагддаг.

    Ханшийн тухайд хөвөгч ханш бараг нийтлэг систем болоод, системийн риск менежмент оронд нь асуудлын гол болохым шиг, үүнээс хойш. Евро зоон ч бай, бүс нутгаараа хөвж байгаа болохоос ханшаа уялаа гэсэн үг бишийм болов уу.

Сэтгэгдэл Үлдээх

 

 

 

Та эдгээр HTML таг ашиглах боломжтой

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong> <span class=""> <p> <br>

*
Та хүн (спам биш) гэдгээ батлахын тулд зурагт үзүүлсэн үгийг бичнэ үү.
Спамаас хамгаалах зураг

CommentLuv Enabled