Чөлөөт худалдааны эх орон
Дэлхийн худалдааны байгууллагын (ДХБ) гишүүн орнуудын хооронд маргаан гарсан байдлыг дараах газрын зурагт харуулжээ.

ДХБ-н гишүүн орнуудын худалдааны маргаан
Зурагт бүдэг шараар тэмдэглэсэн орнуудын хувьд ямар нэг худалдааны маргаан гараагүй бөгөөд улаанаар тэмдэглэсэн орнуудад (АНУ, Европын холбоо) хамгийн их маргаан гарсан байна. Эндээс харвал Монгол хамгийн чөлөөт гадаад худалдаатай орнуудын нэг болох нь. 90-ээд оны 2-р хагаст импортын татварыг тэглэж байсан, одоо ч импортын татвараа огцом нэмж бусдын “дургүйг хүргэдэггүй” учраас энэ алдрыг хүртэх нь зүйн хэрэг байх. Монголтой хамт энэхүү алдрыг Америк тивийн Болив, Парагвай, Гуяана, Суринам, Куба, Ази, Европын зарим орон, Папуа Шинэ Гвиней, Өмнөд Африкийн ихэнх орнууд хүртжээ.
Харин энэ чөлөөт худалдаа нь Монголд хир ашиг тустай байгаа юм бол? Монголын экспортын зонхилох хэсэг нь зэс, алт гээд ямар нэг протекционизмд өртөхөөргүй суурь бүтээгдэхүүнүүд. Харин импортын хувьд бол хэрэглэж болох юу л байна, бүгдийг импортолж байгаа. Тэгэхээр чөлөөт худалдаа ямар ч байсан өнгөрсөн үед Монголд олигтой тус болоогүй бололтой. Чөлөөтэй хэвээр байгаад байвал ирээдүйд дотоодын үйлдвэрлэл хөгжөөд ирэхээр тус болж магадгүй юм. Харин дотоодын үйлдвэрлэл яаж хөгжих юм бол? Бодлого сайн болохоор ингэж чөлөөт худалдаатай байгаа юм болов уу, эсвэл бодлогогүй болохоор худалдаа нь чөлөөтэй байгаа юм болов уу?

Сэтгэгдэл